Мөрөнгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Мөрөнгийн хүрээ ,Гандандаржаалин ,

Ринчений зураг дах дугаар :
122

Ринчений жагсаалт дах нэр :
Мөрөнгийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Мөрөн хот

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг. Ахай Бэйсийн хүрээ буюу Мөрөнгийн хүрээ. Ахай Бэйсийн хошууны гол хүрээг байгуулах газрыг сонгон авахаар тэр үеийн засаг ноён Түвдархангүн, түүний хүү Дашпунцаг, Жигмэдцэдэн тэргүүтэй ноёд түшмэд, лам талаас оролцсон Балганшадавдорж, Чойжийванчиг зэрэг хүмүүс хошуу нутгийн олон газар орныг шинжиж явснаар Дэлгэрмөрний дунд тохойн дэнжийг сонгон авчээ. Энэ дэнж нь шинжээчдийн үзсэнээр дөрвөн хүчтэний шинж бүрдсэн газар гэж үзжээ. Тухайлбал хойд талдаа Хангарьдын шинжтэй Дулаанхаан уул, зүүн талдаа Цагаан арслангийн шинж бүрэлдсэн Шаарын дөрөлж, урд талд луугийн шинж бүрэлдсэн Эрчимийн нуруу, баруун талдаа улаан барын шинжтэй Уушиг хайрхан гэх уулсаар хүрээлэгдсэн байна. Мөрөнгийн хүрээ 14-р жарны шороон могой жил буюу 1808 онд Чогчин, Чойр, Дуйнхор, Бадам Ёг зэрэг хурлууд эсгий өргөөнд эхлэн хуржээ. 1809 онд Найдангийн дуган байгуулан хүрээний эх үүсвэрийг тавьж хүрээний нэрийг Жавгангүүсэг гэдэг лам Гандандаржаалин гэж нэр өгчээ. Энэ нь төвдөөр “Төгсбаясгалант өргөжин дэлгэрсэн” гэсэн утгатай ажээ. 1811 онд Чойр дацан байгуулан Жалханз гэгээний 5-р дүр Балжирлхүндэв Дашдаржаалин хэмээх нэр өгчээ. 1825 онд дөрвөн аймгийн дуган байгуулагдан баруун урд аймгийг “Эргүнэгүндлэн”, баруун хойд аймгийг “Мажинтойслон”, зүүн хойд аймгийг “Эбамчойнхорлон”, зүүн урд аймгийг “Дэчинравжаалин” гэдэг нэрийг Жавчиг Ёндон хэмээх лам өгсөн байна. Чогчин дуган /Чойдаржаалин/ 2 давхар том модон дуган байсан ба гол хойморт нь Богд ламыг залсан ,гэсгүй 2, дуганч 4, чомбо 2, тахилч 2 байх ба битүүний шөнө цэдэрлхам шинийн 1-нээс 15 хүртэл чоймпорол, зуны цагт маанийн бүтээл, ганжуур, данжуур, 45 хоногийн хайлан хурахаас гадна өдөр бүрийн жасаа хурал хурж байв. Чойр дацан /Дашдаржаалин/ Тус дацангийн дуган нь бөмбөгөр оройтой 2 давхар модон дуган байжээ. Гол сахиус нь Гомбо бурхан ба мөн Сэндэмийг шүтдэг байв.Тус дацан байгуулагдсанаас хойш 62 жилийн дараа 1873 онд анхны гавжийн дамжаа барьжээ. Чойрын дацанд Гаарамбын таралт, Түг түглэх, Гавжийн дамжаа,Домын дамжаа, Намрын торчоо зэрэг томоохон хурал жил бүр хурж байв.Уг дацангаас лхаарамба Найдан, дооромбо Галсан, хамба Зундуй, цорж Тангад, хүрээний анги Дамдин, Даваа, аграмба Цэрэнжав нарын гэвшийн ухаанд мэргэжсэн олон арван гавж нар төржээ. Жүдийн дацан /Дэчинсанаглан/ 1861 онд байгуулагдаж лам Чойжийванчиг гэдэг хүн энэхүү нэрийг өгчээ, Гол шүтээн нь Янсан, Сэндэм байжээ.Уг дацанд Сандуй, Лавиран, Лавринчун, Лавиранчува гэдэг дөрвөн зиндаатай байж нэг зиндаанд Чойр шиг нэг жил болдоггүй , 4-5 жил болж дээд зиндаанд дэвшиж арван зургаан жилийн дараа гаарамбад нийлж аграмба болдог байна. Мамба дацан / Пунцагтойслон / 1875 онд байгуулагдсан. Байрибүрэлгүүжавчиг Ёндон гэдэг хүн ийм нэр хайрлажээ. Гол шүтээн нь Манал бурхан. Мамба дацанд өдөр бүрийн тогтмол хурлыг хурахаас гадна сар бүрийн шинийн найманд их маналыг хурж бурхан болоочийн хойтоход зориулж маналын Шимбалхогийг айлддаг байжээ. Тус дацангийн лам нар жил бүрийн 8-р сард Халзан бүргэдтэй, Тосонсүмбэр, Эрчмийн нуруу зэрэг уул усаар явж эмийн ургамал түүж бэлтгэдэг томоохон ажил хийдэг байв. Мөрөнгийн хүрээний мамба дацанд анхны маарамбын дамжааг 40 жилийн дараа буюу 1915 онд барьжээ. Тус дацангаас Гэндэндарам, Содов, Лувсандоо, Дамдин, Жамба, Наваан , Лувсан, Буурал Шадав зэрэг олонд нэртэй эрдэм чадалтай маарамба, отчууд олон арав төрөн гаржээ. Зурхайн дацан / Жамъянчойлин / Зурхайн дацанг 1890 онд байгуулж Чойжиншадав гэдэг лам Жамъянчойлин гэж нэр хайрлажээ. Зурхайн дацанд Мөрөнгийн хүрээний 4 аймгаас 2 уншлага царласан сайн банди нарыг авч тэдгээрт бага 5 ухааныг сургаж эхэлснээр уг дацангийн түүх эхэлжээ. Анхны зээрэмбийн дамжааг тус дацан байгуулагдсанаас хойш 27 жилийн дараа буюу 1917 онд барьсан байна. Зурхайн дацангаас зээрэмбэ цол хүртсэн Чойжинжав, Галсан, Даржаа, Гомбожав, Осор, Манз, Гомбо нарын олон арван зурхайчид төрөн гаржээ.Нэн ялангуяа Далай гүний Лувсандаржаа зурхайч арван гуравдугаар далай ламд 60 жилийн лит хийж өргөсөн гэсэн түүх байна. Гол шүтээн нь Чойжоо байсан ба сар бүрийн 29-нд Чойжоо айлдан тахиж өвлийн адаг сарын битүүний шөнө Лхамын их хурал болдог байжээ. Мөрөнгийн хүрээнд зурхайн дацан хожим байгуулагдсан болоод ч тэр үү, их хожуу зээрэмбийн дамжаа барьж эхэлсэн тул зээрэмбэ харьцангуй цөөхөн байжээ. Дүйнхор дацан: Тус дацан мамба дацангийн зүүн талд байсан ба дүйнхорын их хурлыг жил бүрийн хаврын адаг сард 25 хоногийн хугацаанд хурж санчигдүвлэн Дүйнхор бурхнаа бүтээдэг ба сагар хэмээх чам гардаг байсан байна. Сахиус: Ахай бэйсийн хошууны гол сахиус нь ТаногЧойжил, Бүрэлвий чойжил гэдэг 2 сахиус байжээ. Энэ 2 сахиусны дуган нь дүйнхор, мамба зурхайн дуганы ард байсан ба хоёр сахиусыг баруун, зүүн сахиус гэж нэрлэж байв.Сахиусанд хурах лам нарыг дацангуудаас сарын хугацаагаар томилон хуруулж байсан байна. Эдгээр лам нар сахиусны уншлага бүрэн цээжилсэн уншлагын ая данг сайн мэддэг лам нар байжээ. Жил бүрийн намрын эхэн сарын шинийн 2-нд сахиусны их тахилын хурал болдог. Энэ сахиусны их тахилгыг дуганы ард талд задгай талбай дээр асар байгуулан түүнд хамба, цорж, даа лам, дэд лам , ловон, гүрэм уншаач зэрэг нийт лам нар оролцон хамтын хүчээр сахиусаа тахидаг байв. Энэ үед мөргөлчид гийчид, олноор ирэхээс гадна зарим үед ноён, хатан, түшмэд хиа нарын хамт морилон ирж амь нас ажил үйлсээ даатгадаг байжээ. Мөрөнгийн хүрээнд дээр дурдсан олон сүм дуган байснас гадна гэгээний сэмчин, махгалын дацан, майдрын дуган, ногон дарь эхийн дуган, ёгын дуган, шамбал, диваажингийн сүм зэрэг олон арван шашны байгууламж байжээ.Мөрөнгийн хүрээнд зуны адаг сарын 29-ны өдөр маш чамин гоё дэглэлттэй 108 баг бүхий бүрэн хэмжээний цам харайдаг байсан бол түүний маргааш буюу зуны адаг сарын битүүнд майдар эргэх зан үйл болдог байжээ. Тус хүрээнд чойрын дуганд байнга хадгалагдаж байсан алтан шармал Гүйсүм түгийн шүтээн, мөн хошуу нутгийн сахиус Танвагчойжил, улаан шунхаар бүтээсэн томм хэмжээний ганжуурын 108 боть, шамбал диваажингийн лойлон, майдар чамын үеэр гаргаж залдаг майдар буюу Богд ламын хөрөг, 108 чамын баг хувцас тэргүүтэн, Богд лам, Гүнчин ламын сүмбэн судар, Чойжоо , Гомбо, Сэндэм, Жамсран, Бурхан багш, Богд лам зэрэг алтдаж бүтээсэн бурхдууд, Гүмбэнээс залж ирсэн 226 боть данжуур судар зэрэг нандин зүйлс олон байжээ. Мөн хүрээнд дотроо буюу гадагш явж эрдэм ном сурсан өндөр мэдлэгтэй гярагчуул цөөнгүй байсны дотор Лхарамба- Найдан, дооромбо Галсан, аранжун Жамъян, маарамба Содов, Гэнэндарам, аграмба Зундуй, зээрэмбэ Галсан, гавж Дамдин, Ёндон , Жамсран, Даваа, Гомбожав нарын нэртэй гярагчуул байжээ. Хүрээний бархан нь чойрын дуганы үүдэнд зүүн тийшээ харсан жижиг байшинд байдаг байсан ба тэнд олон төрлийн бурхан ном, судруудын бар хадгалагдаж ном барлаж байв. Мөрөнгийн хүрээнд мужаан, дархан, зураач, сийлбэр, оёдолчин, хатгамалч зэрэг бурхан бүтээгч уран гартнууд олон байсны дотор бурханч лам Жамба, Ням-Осор, Ламжав, мужаан Дүндэг, Пэрэнлэй, Чүлтэм, дархан Дамба, Наваан, Шагдар, хатгамалч Ядам, Чүлтэм, Дашдорж нарын урчууд олон байсан байна. Мөрөнгийн хүрээний хурал номын газар цагийн эрхийг даган 1931 оноос хаагдаж лам хуврагууд нь хөдөөлөн эзгүйрчээ. Харин 1932 оны шинэ эргэлтийн бодлогоор уг оны намраас эхлэн хөдөөллөсөн лам нар нь дахин цуглаж хүрээний үйл ажиллагаа сэргэсэн байна. Гэвч энэ удаан үргэлжлээгүй 1937 оноос эхлэн дахин сүм хийд хавчигдан, Ширэндэв, гавж Ерэндоо, унзад Маналжав, аграмба Мижид, гэлэн Тасан нарын 7 хүнийг эхлэн баривчилж, 1938 оны 8-р сарын 6-ны өдөр Мөрөнгийн хүрээний цогчин, чойр, хангалын дугануудыг барханы хамт шатааснаар уг хүрээ бүрмөсөн мөхжээ. Энэ үед Мөрөнгийн хүрээ 4 аймаг, 5 гол дацан, шамбал диваажин зэрэг 23 дугантай бурхан багш, санжаа намшиг зэрэг 20 шахам суварга чөдөнтэй, 2000 гаруй лам хуврагуудтай байжээ. Мөрөнгийн хүрээ дахин сэргэсэн нь. 1990 оны цагаан морин жилийн хавар Мөрөнгийн хүрээний Чогчин дуган байсан газар шинэ чогчин дуганы суурь тавих ёслол болжээ. Энэ арга хэмжээг зохион байгуулах Мөрөнгийн хүрээг сэргээх үйлсэд тус аймаг днхь Монголын радиогийн сурвалжлагч Б.Батэрдэнэ,мастер Санжхүү, Мөрөнгийн хүрээнд шавилан сууж байсан Ч.Гонгор, Ц.Шарав, Шаравжамц, Наваан, Даржаа, Чүлтэм, Бүдээ нарын хүмүүс ихээхэн идэвх зүтгэл гаргажээ. 1990 оны 7-р сард Гандан хийдийн жасын газраас 6000 төгрөгөөр эсгий гэр нэгийг худалдан авч гэр дуган болгон ловон Наваанжамъян, дэд ловон Шагдар, унзад Чүлтэм, чомбо Даржаа, гэсгүй Шаравжамц Мөрөнгийн хүрээний отгон шавь ,Гомбожав, Ламжав, Аниа, Бүдээ, Хоролбат нарын бүрэлдхүүнтэй хурал хурж эхэлсэн байна.Мөрөнгийн хүрээ нь одоо Чогчин, Сахиусны, Хангалын дуганууд лам нарын өрөө, санхүү аж ахуйн байр , маанийн хүрд, суварга бүхий аж ахуй материаллаг баазын хувьд зохих түвшинд тохижсон байна. Тус хүрээнд 1993онд Бакула Римбуучи багш, 1997 онд Гандантэгчинлин хийдийн хамба Д.Чойжамц, 2004 онд мөн хийдийн дэд хамба Амгалан нар ажил хэргийн шугамаар зочилж байжээ. Одоо тус хийдийн үйл ажиллагаа байнгын тогтмолжсон бөгөөд Чогчин дацанд жасаа хурал өдөр бүхэн хурахын зэрэгцээ битүүний Цэдэр лхам, шинийн 1-нээс 15хоногийн дүйцэн хурал, сар бүрийн шинийн 2-ны сахиусны тахилга, дунд сарын 29-ний Чойжоо, Равдмаа, адаг сарын 29-ний Лхам, Жамсран хоёрыг тус тус тахиж байна. Мөн сар бүрийн 15-нд Найдан чого, битүүний өдөр Сандуйн жүд уншдаг. Зуны эхэн сарын 15-нд Бурхан багшийн чого,мөн сард Ганжуур,Данжуур айлдан Мөрөн хотыг тойрон олныг хамарсан үйл явдал болдог. Мөн дацанд зуны цагт маанийн бүтээл, намарт нь сахиусны тахилга, намрын адаг сарын 22-ны дүйцэн, өвлийн эхэн сарын 25-нд зулын 25-ны дүйцэн хурлыг тус тус хурж байна. Мөрөнгийн хүрээ нь зөвхөн Засагт Хан аймгийн Ахай Бэйсийн хошууны гол хүрээ хийд байсан төдийгүй халхын шарын шашны түүхэнд тодорхой байр суурийг эзэлсэн 130-аад жилийн түүхтэй шашны томоохон төв байжээ. Тус хүрээний төв хэсгийг Чогчин дуганы өмнөд талд авч хэмжилт хийхэд хойд өргөрөгийн N 490 38. 323’ зүүн уртрагийн Е 1000 08.661’ солбицолд байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч. Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004 2 Ц.Шарав. Ахай бэйсийн хошууны хүрээ. Мөрөн хот. 2002. 3. Хөвсгөл аймгийн нэвтэрхий толь. УБ. 2004. 4.Хамтын бүтээл. Хөвсгөлчүүдийн ном. Мөрөн хот. 1992. 5.Гандандаржаалин хийдийн даа ламтай хийсэн ярилцлага /2007.06.10/

Байршлын тайлбар :
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын зүүн хэсэгт, хойд талдаа Дулаанхан уул, зүүн талд Шаарын дөрөлж, урд талд Эрчмийн нуруу /эрчмийн нурууний ар бэлийг эмжин Дэлгэрмөрөн урсана/, баруун талдаа Уушиг хайрхан хэмээх уулуудын дунд Дэлгэрмөрөнгийн арын дэнжид оршино.

GPS хаяг :
North 49° 38’  East 100°  08’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Шинэчлэгдэн сэргээсэн Мөрөнгийн хүрээний туурин дээр шинэ үеийн Гандандаржаалин хийдийн Цогчин дугана, Сахиусны дугана байх ба арван хангалын дугана баригдаж байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
14-р жарны шороон могой жил б

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо хаагдсан: 1931 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 оны 8 сарын 6 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨМХ 010

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Гэсгүй Шаравжамц - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Унзад Чүлтэм - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ловон Наваанжамьян - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 7 сарын 21 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
250-300 лам

Тэмдэглэл :
1809 онд хүрээний анхны дуганыг /Найдан /барьсны дараа Жавгангүүсэг гэдэг лам Гандандаржаалин гэдэг нэр хайрлажээ. Энэ нь Төвдөөр "Төгс баясгалант өргөжин дэлгэрэх" хэмээх утгатай үг ажээ. Цогчин дацан урт нь 8 жан, өргөн нь 6 жан, хоёр давхар модон дугана байв. Чойр дацан /Дашдаржаалин / 1811 онд байгуулагдсан бөмбөгөр оройтой хааш хаашаа 6 жан модон хоёр давхар дугана байв. Жүдийн дацан /Дэчинсанаглин / 1861 онд байгуулагдсан. Мамба дацан /Пунцогтойслин / 1875 онд байгуулагдсан. Зурхайн дацан /Жамъянчойлин /1890 онд байгуулагдсан. Дүйнхор дацан Сахиусны дугана Ахай бэйсийн хошууны гол сахиус болох Таногчойжил, Бүрэлбийчойжил гэдэг хоёр сахиусын дугана нь Мамба,Зурхай, Дүйнхор дацангийн хойно байв. Хойд талын Дулаанхан уул хангарьдын, зүүн талын Шаарын дөрөлж цагаан асрлангийн, урд талын Эрчмийн нуруу хөх луугийн, баруун талын Уушиг хайрхан улаан барын шинжтэй хэмээн тус тус бэлэгджээ. Мөрөнгийн хүрээний "Данзаа" сударт 14-р жарны шороон могой жил буюу 1808 онд Цогчин дугана, Дүйнхор дугана, Бадма, Иог зэрэг хурлууд эсгий гэрт хурж эхлээд 1809 онд /морин жил/ Найдангийн модон дугана байгуулсанаар энэ хүрээний суурь тавигджээ. Анх 1931 онд лам нарыг хүчээр хар болгон хөдөөлүүлсэнээр анх удаа хүрээ эзгүйрч хаагдсан. Гэвч 1932 онд шинэ эргэлтийн бодлогоор лам нар эргэн цугларч хүрээ хийд үйл ажиллагаагаа сэргээсэн. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй 1937 онд оны эхээр лам нарыг дайчлан баривчилж, 1937 оны 09 сард хамба Зундуй, цорж Тангад, унзад Маналжав, аграмба Мижид, маарамба Ширэндэв, гавж Эрэндоо нарын долоон хүнийг баривчилжээ. Улмаар 1938 оны 08 сарын 06-ны орой Чогчин, Чойр, Хангалын дуганыг зориуд шатааж тэр үед хүрээнд байсан арав гаруй ламыг дугана шатаасан хилс хэрэгт гүтгэн баривчилж Шагдарсүрэн, Сүрэн нарыг цаазлан бусдад нь 10 жилийн хорих ял оноожээ. Мөрөнгийн хүрээг дахин сэргээсэн ба шинэ сүм хийдийн бүртгэлд оруулсан.

Хүснэгтийн дугаар :
ХӨМХ 040

судалгааны баг :
Team: Г

Да лам


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors