Их Хужиртын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Их Хужиртын хүрээ,/Дашчойлин хийд/,

Ринчений зураг дах дугаар :
144

Ринчений жагсаалт дах нэр :
Хужиртын хүрээ /Их Хужиртын хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Галт сумын 4-р багийн төвийн дэргэд

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Галт сум. Их хужиртын хүрээ Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын 4-р багийн нутаг сумын төвөөс урагш 45 км зайд 4-р багийн төвийн баруун хойно Их Хужиртын эх гэдэг газар Цардуулын булгийн ар дэнжид уг хүрээний туурь байна. Өмнө талд нь Шанагын даваа, баруун талд нь Шаварын даваа, хойд талд нь Азаргын уул, зүүн талд нь Хүрдэт уул оршино. Өмнө зүгийн Шанагын давааны бэлд Сэвжидбалбар хэмээх тахилгат овоо бий. Тус хүрээ нь 1840-өөд оны үед байгуулагдсан ба чойр, жүд, мамба, дүйнхор, зурхай зэрэг 5 дугантай сахиусын сүмтэй 200 шахам лам сууж хурдаг хүрээ байжээ. Мөн 1900 оны үед босгосон томоохон чулуун суварга баруун хүрээний өмнө талд байрлаж байв. Уг чулуун суваргыг Далай Чойнхор вангийн хошууны Тариатын хүрээнд сууж байсан унзад Дэлэг гэдэг хүн буян үйлдэж 3 суварга босгосны нэг нь энэхүү суварга ажээ. Дэлэг гэдэг хүн багадаа энэ хүрээнд сууж байсан нутгийн хүн байжээ. Нөгөө 2 суваргыг Тариатын хүрээ, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт босгожээ. Суварганы чулууг 20-иод км-ын холоос Халзангийн асгат гэдэг газраас үхэр тэргээр зөөж авчран 4 тал гарган тэгшлэн засаж нүхэлж углуургадан чагталж өрж босгосон. Суварга 5 м орчим өндөр 4 талдаа цоолборлон урласан 4 чулуун арслантай.Суварганы оройн дээд нар сарнаас нь 4 арслангийн хүзүү рүү холбож уясан гинжин хонхтой, нэг гинжинд 16 хонх, нийт 64 хонх хэлхэн уясан байжээ. 1930-аад оны эцсээр хүрээ хийд буухад суварганы хонх чулуун арсланг хүмүүс авчээ. Их Хужиртын хүрээ нь 1937 онд бүрэн хаагдаж мөхсөн ба 1990-ээд оны эхээр энэ нутгийн харъяат Монгол улсын гавьяат тамирчин улсын заан С.Хүрэлбаатар санаачлан туурин дээр нь 8х8 хэмжээний шинэ модон дуган барьж хурал номын үйл ажиллагааг нь сэргээх эхлэлийг нь тавьжээ. Их хүрээ нь баруун зүүн хүрээ гэсэн 2 хэсэгт хуваагдана. Зүүн хүрээний дуганы туурь одоо төвийн байшингийн дунд орж мэдэгдэхгй болсон байна. Баруун дуганы туурь 3 том дуганы туурь 3-4 жижиг дуганы туурь мэдэгдэнэ. Шинэ дуганаас урд 25 м зайд 1995 онд босгосон байна.Их хужиртын хүрээний гол цогчэн дуган байсан дуганы өмнөх суварганы суурь дээр уг суваргыг шинэчлэн шинэ суварга барих ажлыг 1994 онд тус сумын уугуул Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын нэгдлийн даргаар ажиллаж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Аварзэд /одоо ХХАЯ-ны зөвлөх / санаачлан нутгийн ард түмний хандиваар босгожээ. Уг суварганы хуучин суурийн өндөр 1.70 см өндөр 5 үе хавтанг засварлан тэгшилж 4 талын ханыг өнгөлсөн дээд талын үеийн чулуун хавтанд олон эгнээ төвд үсгээр тарни бичиж сийлбэрлэн цохисон. Шинэчилсэн суварганы нийт өндөр 6м 20 см бөгөөд 1 талын өндөр 5 м орчим /4:5 = 20м /суварганы дээд хэсэгт гүнгэрваанд Будда-гийн баримал бий. Мөн 2 дахь үеийн дээд 4 талын ирмэгт заан,арслан,луу,хангарьд,зэргийг товойлгон дүрсэлсэн. 1938 онд Их Хужиртын хүрээг хааж лам нарыг нь Бор бургасны хүрээний орчим аваачиж цаазалсан гэдэг. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2.Ч. Банзрагч. Халхын Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошууны түүх. УБ. 2000 3. /Галт сумын иргэн өндөр настан Пэрэнлэйлүндэв гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.02/ 4. М.Нямаа. Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ. 2001

Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс урагш 45 км зайд 4-р багийн нутагт баруун хойно Их хужиртын эх гэдэг газар Цардуулын булгийн ар дэнжид байрлана. Өндөр уулын бүсэд өмнө зүгт Шанагын даваа, баруун талд Шаварын даваа, хойд талд Азаргын уул, зүүн талд Хүрдэт уул оршино. Өмнө зүгийн Шанаган давааны бэлд Сэвжидбалбар хэмээх тахилгат овоо бий. Тууриас урагш 20 метр орчим зайд 1994 онд босгосон нэг суварга бий.

GPS хаяг :
North 48° 51’  East 100°  10’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 15 Side2: Ө 10 Side3: У 24 Side4: Ө 20 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Их хүрээ нь баруун зүүн хүрээ гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Зүүн хүрээний дуганы туурь одоо багийн төвийн айлуудын хашаа байшингийн дунд орж мэдэгдэхгй болсон байна. Баруун дуганы туурь гурван том дуганы туурь 3-4 жижиг дуганы туурь мэдэгдэнэ. Шинэ дуганаас урд 20 орчим метр зайд байна. 1995 онд босгосон суварга.

Сүм хийд байгуулагдсан он :
1840-д оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХӨГЛ 004

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн уугуул нутгийн заан С.Хүрэлбаатар - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Тухайн үеийн сумын засаг дарга тамгын газар - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Сүсэгтэн олны санаачлага, хандив дэмжлэгэ - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : 1995 оны 08 сарын 29 нд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
50-60 лам

Тэмдэглэл :
Их хужиртын хүрээний гол цогчин дугана байсан дуганы өмнөх суварганы суурь дээр уг суваргыг шинэчлэн шинэ суварга барих ажлыг 1994 онд тус сумын уугуул Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нэгдлийн даргаар ажиллаж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Аварзэд /одоо ХХАЯ-ны зөвлөх / санаачлан нутгийн ард түмний хандиваар босгожээ. Уг суварганы хуучин суурийн өндөр 1.70 см өндөр таван үе хавтанг засварлан тэгшилж дөрвөн талын ханыг өнгөлсөн дээд талын үеийн чулуун хавтанд олон эгнээ Төвд үсгээр тарни бичиж сийлбэрлэн цохисон. Шинэчилсэн суварганы нийт өндөр 6 метр 20 см бөгөөд нэг талын өндөр 5 метр орчим /4:5 = 20метр /суварганы дээд хэсэгт гүнгэрваанд Буддагийн баримал бий. Мөн хоёр дахь үеийн дээд дөрвөн талын ирмэгт заан,арслан,луу,хангарьд,зэргийг товойлгон дүрсэлсэн. 1938 онд Их Хужиртын хүрээг хааж лам нарыг нь Бор бургасны хүрээний орчим аваачиж цаазалсан гэдэг.

Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 017

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :