Даян дээрхийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Даян дээрхийн хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ёндонпунцаглин

Төвд нэр Уайли:
*yon tan phun tshogs gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
101

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Даян дээрхийн хүрээ /Дээрхи хүрээ, Ёндонпунцаглин /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-Үүр

Баг :
Эрдэнэбулганын нутгийн зааг

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Даян дээрхийн харуул /Уялга харуул /

Товч түүх :


Хөвсгөл аймаг Даяндээрхийн хүрээ. Урианхайн хязгаарын Уялга харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн хилийн зааг Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 38 км орчим газар Дээрхийн гол , Үүрийн гол хоёрын бэлчирийн зүүн хойт талд Дээрхийн хавцлын ам хэмээх газар Үүрийн голын хойт дэнж дээр уг хүрээ оршиж байжээ. Газарзүйн байрлалын хувьд Хөвсгөлийн өндөр уулын бүсэд хойт талд нь Дээрхийн голын эх болох Соёо уул , зүүн талд нь Гозгор, Цахир, Буянтын өндөр сүрлэг уулс байх ба энд эртний тахилгат Дашлин хэмээх овоо буй. Даяндээрхийн хүрээ нь 16-р зууны үеийг хүртэл монголын бөө мөргөлийн томоохон төв байсан ба энэ нь нутгийн ард олны дунд одоог болтол ам дамжин яригддаг тус хүрээний тухай домог түүхийн зарим эх сурвалжаас тодорхой байна. Даяндээрхийн хүрээ нь Цогчин, Чойр, Дарь-эх, Жүд, Мамба, Гүнрэг, Диваажин хурал, Диваажин шүтээн, Дүйнхор, Ядам , Даяндээрхийн ордон зэрэг сүм дуган шүтээнтэй байснаас гадна жасаа тамгын газар Хатгал, Хөхөө, Дархинт, Уялга, Архан, Эрэн зэрэг 6 харуулын захиргаа жасын гал зуух суварга хүрднүүд басхүү Амгалангийн пүүс, Сүхийн пүүс зэрэг худалдааны газрууд төвлөрсөн Хөвсгөлийн хязгаарын 6 харуулын шашин соёл, худалдаа эдийн засгийн томоохон төв байжээ. Түүхийн эх сурвалжид Даяндээрхийн хүрээг анх монголд шарын шашин дэлгэрэхэд харуулын захирах бээс ноён Чагдаржал ооромбо хувилгаан ламтан хоёр Баруунзууд очиж Ванчин Богд гэгээнд Даяндээрхийн чулуун хөрөгийн тухай учрыг нарийвчлан айлтгахад Даяндээрх болбоос эрт урьд цагт Төгс Цогт бурханы гэгээний нүүрийн өмнө 2-р ялгуусан Зонхубагийн шашныг сахихаар ам авсан эрхэм тэнгэр эдүгээ эгэл чулуун дүрээр оршиж амьтныг туслан буй гайхамшигтай Бодьсад мөн хэмээн лүндэн соёрхоод хамаг ялгуугсадын зарлигыг хүлээгч их хүчит Убаш ахай эрхэм тэнгэр аюулгүй баатар Даяндээрх хэмээн нэрлэжээ. Ийнхүү бөөгийн шашны төв шарын шашинд даган орж 1788 онд Эрдэнэзуугийн цорж Дагвадорж, Ганшиг, Дордог, Сан сэржмийн ном судар уншиж 1834 онд 5-р Богдоос цогчин сүмийн нэрийг ядам сахиусыг тодруулахад сүмийн нэрийг Лхачиндамбиллин ядамд Очирваань сахиусанд Жамсран бурханыг заагаад ёсчлон шүтүүлжээ. Харин 1864 онд Даяндээрх сахиусанд сүм бариулж равнай өргүүлэн 7-р дүрийн Богд гэгээнээс Ёндонпунцаглин хэмээх нэр шагнуулжээ. Даяндээрхийн хүрээ 3 жил тутамд нэг удаа Дээрхийн алтан даллага авахуулж 3 хоног найрладаг зан үйл хийдэг байжээ. Энэ үеэр шанам малгайтай 9 цагаан морьтой лам дүгжанцан барьж хүрээний гороог 3 удаа тойрч хурайлаад Дээрхийн ордонд дүгжанцангаа сангийн их өргөө гэх 10 ханатай том гэрт даллагын саваа байрлуулаад эрийн гурван наадам хийж найр эхэлдэг байжээ. Энэ үеэр хол ойрын лам мөргөлчид ихээхэн ирж хурал хурах үеэр 1000 орчим лам хурдаг байсан байна. Зуны адаг сарын 28, 29, 30нд тус хүрээнд 3 өдөр цам гардаг байжээ. Өглөө нар ханын толгойд тусаахаас нар шингэтэл үргэлжлэх энэхүү цамд 100 шахам цам гарч байсан тухай мэдээ байна. Даяндээрхийн хүрээ нь хилийн цаана орших одоогийн ОХУ-ын Буриадын Закаменьск аймгийн нутагт байсан Санагийн хүрээтэй бүх талаар нягт хамтын ажиллагаатай байсан ба 1929 оны өвөл Даяндээрхийн хүрээний том цогчин дуган шатаж тэр жилд нь багтаан шинээр барихад Санагийн хүрээнээс 500 ширхэг гөлмөн төмөр, манзны зэс тогоо, орос хоргойгоор хандив өргөж байсан түүхэн баримт байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үе эхэлж хүрээ хаагдах үед 10 гаруй аграмба, 100 гаруй гавьж гэлэн , 200-аад гэвш, 100 гаруй гэцэл сахилтай лам хуварга нийт 400 гаруй хүн шавилан сууж байжээ. Хамгийн сүүлчийн хамба лам нь Уялганы Дэмбэрэл, ловон лам нь Арханы Жамьян аграмба цорж, Хөхөөгийн Хаслувсан аграмба, гэсгүй нь Арханы Баасан гавьж , Уялганы Жамсран цорж, Дархинтын Загдсүрэн гавьж, бага гэсгүй нь Уялганы Дашийн Бямба гавьж, Арханы Зундуй аграмба, их унзад нь Цэвэгжав, Данхар гавьж, дүйхор лам нь Сэнгээ маарамба нарын зэрэг хүмүүс байжээ. Энэхүү хэлмэгдүүлэлтийн үеэр Даяндээрхийн хүрээний 200 гаруй лам нарыг баривчилж сүм дуганыг нурааж судар ном бурхан тахилыг нь Үүрийн гол руу үйж зүүн хясааны жалганд шатааж устгажээ. Баригдсан лам нарыг аймгийн төв Мөрөн рүү ачиж 70 гаруй ламыг цаазаар авч амьд үлдсэн ихэнхид нь хорих ял оноожээ. Энэ хүрээний лам нарын нэг онцлог нь хэзээнээс нааш бөх лам нараараа алдартай бөгөөд бүр Даяндээрхийн наадмын босго хатуу гэсэн үг хүртэл гарч хүрээний лам нараас олон арван алдартай бөхчүүд төрөн гарчээ. Ийнхүү Хөвсгөлийн хязгаарын шашин номын томоохон төв байсан 200 шахам жилийн түүхтэй Даяндээрхийн хүрээний хурал номыг сэргээх санаачлага үйл ажиллагаа 1990-ээд оны дунд үеэс өрнөж улмаар АНУ-ын иргэн эмэгтэй Белицийн хандив тусламжаар 10х12 метрийн хэмжээний том маш гоёмсог цогчин дуганыг барьж байгуулан 2005 оны 7-р сард нээж анхны хурлаа хийжээ. Энэхүү цогчин дуганыг барихад АНУ-ын иргэн Белиц хувиасаа 70000 орчим ам.доллар зарцуулсан тооцоо байдаг байна.Одоогийн шинэ цогчин дуган байнгын хуралгүй зөвхөн сар жилийн онцгой дүйцэн өдрүүдэд хөрш зэргэлдээ Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сумдаас лам нар тогтмол ирэх ба зарим үед Мөрөн, Гандантэгчинлин хийдээс ч лам хуваргууд ирж хурал хурдаг байна. Даяндээрхийн хийдийн цогчин дуганыг сэргээн байгуулахад нутгийн сүсэгтэн олон,төр захиргааны байгууллагуудаас гадна Монголын тул хамгаалах нийгэмлэг / ТББ/ чухал үүрэг гүйцэтгэжээ. Шинээр байгуулагдсан цогчин дуган хуучин цогчин дуганыхаа тууриас зүүн хойш 10 орчим метр зайд баригдсан ба хуучин хүрээнээс мөргөлийн шон хэмээх 16-18м орчим өндөр модон шон босоо үлдсэн ба цогчин дуганын суурийн яс моднууд хэвэндээ үлдсэн байна. Одоо энэ туурин дээр Монголын тул хамгаалах нийгэмлэг хүүхдийн Эко зуслан байгуулан зуны улиралд ажиллуулж Эг-Үүрийн сав дагуух сумдын ЕБС-ын сурагчдыг амрааж тэдэнд байгаль экологи, түүх соёлын мэдлэг боловсрол олгох амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготой ажиллаж байна. Одоогийн байдлаар шинэ байгуулагдсан цогчин дуганыг хуучмн Даяндээрхийн хүрээнд шавилж байсан Эрдэнэбулган сумын харьяат өндөр настан Рагчаа гуай харж хамгаалан тахилч ламын үүргийг гүйцэтгэж байна. Холбогдох эх сурвалж: 1. Ж.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх “ Уб. 2004 2 Л. Галбаабадраа . “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга” Мөрөн 2004 3 Хөвсгөл Эрдэнэбулган сумын өндөр настан 81 настай Рагчаа гуайтай хийсэн ярилцлагаас , 2007 оны 6 сарын 14 4. Хөвсгөлчүүдийн ном

Байршлын тайлбар :
Цагаан Үүр сумын төвөөс зүүн тийш Уйлган багийн нутаг Дээрхийн гол, Үүрийн голын бэлчир, Дээрхийн ам хэмээх газар, Үүрийн голын хойд дэнж 38 км газарт байна.Зүүн талд Гозгор Цахир уул, Буянт уул, хойд талд Дээрхийн голын эх Соёо уул байна. Зүүн талд Дашлин овоо бий. Эрдэнэбулган сумын төв тууриас зүүн тийш 70км-т байна./Өндөр уулын бүсэд/

GPS хаяг :
North 50° 26’  East 101°  53’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Цогчин дуганы туурь нэг багана тод үлдсэн. Мөн Дээрхийн шүтээний дугана Чойрын дуганы туурь басхүү үлдсэн. Туурин дээр монос ургуулж хашсан байна. Дарь-Эхийн дуганы орчим шинээр баригдсан Цогчин дугана байдаг.

Сүм хийд байгуулагдсан он :
1860-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ХӨЭБ 014

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэргэн гүн | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : АНУ-н иргэн Белиц /36 настай эмэгтэй/ | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : АНУ-н иргэн Белиц /36 настай эмэгтэй/ | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
420 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
ХӨЭБ 053

судалгааны баг :
Team: Г

Рагчаа


Аман түүх

Газрын зураг :