Ялгуусан хутагтын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Ялгуусан хутагтын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
69

Ринчений жагсаалт дах нэр :
Идэрийн хүрээ /Ялгуусан хутагтын хүрээ, Ялгуулсан гэгээний хүрээ, Холдсоныг тогтоогч, Ганданчойжилин, Гандандэгчинлин /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Идэр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Идэр сум. Ялгуусан хутагтын хүрээ. / Ганданчойжиллин. Холдсоныг тогтоогч сүм/ Хуучин Сайнноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны Ялгуусан гэгээний шавийн нутаг одоогийн Идэр сумын төвөөс баруун урагш 18 км орчим зайд Сэвжидбалбар уулын ар Дархан уулын өвөр бэл, Идэрийн голын хойт эрэг дээр энэ хүрээ төвхнөж байжээ. Ялгуусан хутагтын хүрээ анх үүсэн байгуулагдсан тухай Монгол Улсын үндэсний Төв архивын фондод дараах нэгэн эх баримт хадгалагдаж байна. Уг баримтанд “... Зарлигаар шагнасан Чин сүжигт, номч нэвтэрхий сайн Самади багш сэтгэлэг үнэнхүү төрөлх эрс ялгуусан хутагтын шавь нарыг захирагч Шанзудба Гэндэнгээс манай харьяат арван гуравдугаар үеийн хутагт Лувсандамбадаржаагийн үед Сайшаалтай Ерөөлтийн арванзургаадугаар /1811/ онд байгуулсан сүмд зарлигаар “Хол дахиныг тогтоогч” сүм нэр шагнажээ. Бадаргуулт Төрийн гуравдугаар /1877/ онд арвандөрөвдүгээр үеийн хутагт Лувсансандив Шанзудба Баянтөрбат нар Цаннид ба Мөнх Нүннээ , оточ, Аюушийн чого зэрэг хурал номыг тогтоожээ. Бадаргуулт Төрийн хориндөрөвдүгээр /1898/ онд арвантавдугаар үеийн хутагт Лувсанданзан, Шанзудба засаг лам Дамба-осор нар Гэсэрийн цам, Гүнрэгийн хурал зэргийг тогтоожээ. Олноо өргөгдсөний наймдугаар /1918/ онд арванзургаадугаар үеийн хувилгаан Чимэдцэрэн Шанзудба засаг лам Гэндэн нар Жүд хурлын сургууль тогтоожээ. Эдгээр хурал сургуулиудын хүрээ хийд Идэр голын захад нутаглан суужээ...” хэмээн тэмдэглэсэн байна. XX зууны эхэн үеэр Ялгуусан гэгээний хүрээ нь 10 орчим сүм дугантай дотроо баруун дэнжийн хүрээ зүүн дэнжийн хүрээ хэмээн хуваагддаг 150 гаруй лам сууж хурдаг хүрээ байжээ. Баруун дэнжийн хүрээ зүүн дэнжийн хүрээ нь хоорондоо 2 км гаруй зайтай бөгөөд баруун хүрээнд нь хүрээний гол цогчин дуган, Ялгуусан хутагтын орд өргөө байрлаж байв. Энэ хүрээнд 1915 онд Ялгуусан гэгээний сүүлчийн дүр болох Чимэдцэрэн хутагтыг Хамба ширээнд нь залж байв.1932 оны сүүлч 1933 оны эхээр тус хүрээний лам нарыг дээрээс нь эхлэн баривчлан хэлмэгдүүлснээр хурал номын үйл тасалдсаар 1936 оны эх гэхэд хүрээ үндсэндээ хаагджээ. Одоо Ялгуусан гэгээний хүрээний туурь маш тод мэдрэгдэх бөгөөд УБ хотын Ялгуусан компани 130 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж дурсгалын цогцолбор босгосон байна. Мөн энэ ажлын хүрээнд цогчин дуган түүний дэргэдэх Цамын талбайг сэргээн засварлажээ. Мөн 2004 онд Ялгуусан хутагтын сүүлчийн дүр Чимэдцэрэнгийн 90 насны ойд зориулан босгосон суварга буй.. Энэхүү хүрээ нь одоогийн Идэр сумын газар нутаг хүн амын нэгээхэн хэсгийг хамарч байсан тухайн үеийн Сайнноён хан аймгйин Ялгуусан хутагтын шавийн гол хүрээ нь байсан төдийгүй бурханы шашны соёл боловсролын нэг төв болж байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Идэр сумын засаг дарга И.Баянтөртэй хийсэн ярилцлагаас. 2007.06.25 2.Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ. 2004

Байршлын тайлбар :
Түүхэн газар нь хангайн нурууны өндөрлөгт Сэвжид балбар уулын ард Дархан уулын өвөрт байрлана. Хүрээний туурийн өмнүүр Идэрийн гол урсана. Сэвжид балбар уулын өвөрт Хүүхдийн овоо, Битүүтийн овоо гэсэн хоёр тахилгатай овоотой. Туурийн баруун хойт талд 5 орчим км газар хуучин багийн төв байрлаж байсан. Ойр зэргэлдээ нь суурин газар үгүй. Идэр сумын төвөөс баруун урагш 18 км яваад хүрээний тууринд хүрнэ. Айлууд гол төлөв намаржидаг нутаг юм.

GPS хаяг :
North 48° 07’  East 097°  29’

Нийт газрын хэмжээ :
Side1: 21: Side2: 15,5 Side3: 14: Side4: 14 Side5: 14: Side6: :14

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Ялгуусан хутагтын хүрээ нь Идэрийн голын баруун дэнжид байрлана. Ялгуулсан Хутагтын хүрээ нь дотроо "Баруун дэнж"-ийн хүрээ, "Зүүн дэнж"-ийн хүрээ хэмээн хоёр хуваагдана. Хоёр хүрээ нь бие биеэсээ 2-3 км орчим зайтай бөгөөд эзэмшил газрын хэмжээ нь адилхан байгаа. 205-133 метр хэмжээтэй юм. Баруун дэнжийн хүрээнд Ялгуулсан хутагтын гол цогчин дугана, байр өргөө нь байжээ. Хүрээ байсан газар нь хангайн нурууны дунд бүс орчим өндөрлөгт байх учир хөрс нь хатуувтар өвс ургамал тачирдуу, гэхдээ нягтрал сайн, овгор овгор чулуулаг ихтэй байна. Ийм учир туурин дээр хаг ургасан улаавтар бондгор чулуунууд сайн үлдэж, туурь сайн мэдэгдэнэ. Элдэв элэгдэл халдлагад өртөөгүй. Олон тооны байгууламжийн жижиг том таван туурь бий. Баруун дэнжийн хүрээний гол дуган 21 х 15,5 метр байжээ. Бусад нь түүнээс арай багавтар. Дундаж хэмжээ нь 14 х 14 метр. Баруун хүрээний туурин дээр Улаанбаатар хотын “Ялгуулсан” компани 2007 оноос эхлэн 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дурсгалын цогцолбор босгох ажлыг хийжээ. 8 сард дуусгасан. Энэ ажлын хүрээнд гол дугана, түүний дэргэд Цамын талбай засварласан. Гол дуганы дээр 2 жилийн өмнө Ялгуулсан хутагт Ялгасан гэгээн Чимэдцэрэнгийн 90 насны ойд зориулсан суварган цогцолбор босгожээ. Эдүгээ түүнийг тойруулан дуганы туурийг хөндөлгүйгээр жижигхэн намхан хайс барижээ. Хуучин энэ хүрээнд цам гарч байсан тул шинээр Цамын талбай засварлан байгуулжээ. Харин Зүүн хүрээний дэнжид одоогоор засварын ажил хийгдээгүй. Гол дугана байсан бололтой нэгэн өндөрлөг туурийг голд нь гүнзгий малтсан байна. Бусад олон жижиг байгууламжийн тууриуд бие биеэсээ ялгарахгүй. Эдгээр тууриудыг хамгаалалтанд авч яваандаа "Ялгуулсан" компани энд жуулчины цогцолбор байгуулах сонирхолтой ажээ. Компанийн захирал нь Ялгуулсан хутагтын шавь аж. Энд байгаль түүхийн гайхалтай үзэмжит цогцолбор бий. Компани ном бүтээснийг бид хавсаргав.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
1. Нутгийн иргэд Ялгуулсан хутагтын хүрээ гэж нэрлэдэг. Б.Ринчэний жагсаалтанд хэд хэдэн нэрийг тэмдэглэжээ. Иргэд хүрээнд сууж байсан сүүлчийн хамба ламыг Ялгасан гэгээн Ялгуулсан хутагт хэмээн нэрлэнэ. Тэр гэгээн 3 настай байхдаа сүү, ус хоёрыг нэг саванд хийснийг ялгаж байсан шидтэн учир ялгасан гэгээн хэмээн нэрлэсэн домогтой юм. 10-14. Эдгээр хэсгийн мэдээллийг Алтан мөнгөн тамгатай арын Ялгуулсан хутагт. УБ.,2006. Номноос тодруулан үзнэ үү ?

Хүснэгтийн дугаар :
ЗАИД 056

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Архивын зургууд :